Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд олныг хамарсан хоолны хордлогын дэгдэлт гарчээ. Тус голомтын газар эмч нарын баг яаралтай ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагч судалгаанд хамрагдахад 84 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн аж. Эдгээрээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад хамрагдаж байна. Мөн тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон хоёр хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь эрс сайжирчээ.
Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой юм. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр санхүүгийн хохирлыг барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай аж.
Цаашид олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр ”-ийг баримтлан ажиллах хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.