БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танаа!
Зургаан настай хүүхдүүдийг сургуульд шалгаруулалтаар оруулахгүй байх, бага ангийн хүүхдүүдийн дунд ганцаарчилсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй байх гэхчилэн ойрын үед таны гаргасан шийдвэрүүдийг талархан хүлээж авахын зэрэгцээ нэгэн асуудалд анхаарч өгнө үү хэмээн үүнийг бичиж байна.
Би, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж хөдөө орон нутгаар их явдаг бөгөөд сүүлийн жилүүдэд хөдөө маш сэтгэл эмзэглүүлэх болсон нэг үзэгдэл бол зургаан настай хүүхдийг сургуульд авдаг болсоноос үүдэж буй асуудлууд юм.
Хөдөөний ээж аавууд хүүхдээ сургуульд явуулахын тулд тусдаа амьдарч байна. Аав нь гэр, малаа сахиад хөдөө үлдэнэ, ээж нь хүүхдээ хараад сумын төвд амьдарна. Хоёр газар гэр бараа болно, салснаас ялгаагүй амьдарч байна гэх хүнтэй маш олон таарч байв.
Цөөхөн нь хүүхдээ сургуулийн дотуур байранд өгдөг боловч тэд биеэ даагаагүй байдаг тул маш хүнд байдаг тухай багш нарын ярихыг олонтаа сонссон. Гэрээ санана, дуугаа хураана, хичээлдээ мэрийхгүй, оргоно. Нэг зургаан наст дүн өвлийн шөнө оргоод азаар сумын төвд төөрчихсөн байсныг олж авсан. Ээждээ очмоор байна гэсэн л гэнэ. Зургаахан настай нялх ээж, ааваасаа тусдаа амьдрах ямар олигтой байх вэ дээ.
Найман настай хүүхэд дотуур байранд ирэх, зургаан настай хүүхэд ирэх хоёр маш их ялгаатай гэж туршлагатай багш нар хэлдэг. Ээж, аавууд ч найман настай бол дотуур байранд өгч болно, зургаан нас арай балчир тул нэг нь дагаж тусдаа амьдрахаас өөр арга алга гэж ярьдаг.
Миний санал бол, монгол хүүхэд сургуульд орох насаа өөрсдөө сонгог. Ээж аавууд нь сонгог. Заавал зургаа гэхгүй байя. Ялангуяа хөдөө орон нутагт найман настайдаа сургуульд яваг. Сонголт үлдээе. Зураг дээр Хөвсгөл аймгийн Ханх сумын сургуулийн дотуур байрны 6 наст. (2017)