Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, \”ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрөгч баасан гаригт албан ёсоор танилцуулаад байна.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Гантулга \”Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан нөхдүүдийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана” гэлээ.
Ингэснээр иргэдийн дунд үүсээд байсан \”ЭЕШ-ыг дахиж авна” гэх мэдээллийг холбогдох байгууллагууд няцааж, \”ЭЕШ-ын засварын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн албан ёсны мэдээлэл өгөөд байна. Шалгалтын хариу долдугаар сарын 1-нд гарна.