ОХУ-аас Монгол улсад хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлд буюу Хэнтий аймгийн Батширээт сумын газар нутагт ойн түймэр орж ирсэн талаар өмнө нь хүргэж байсан билээ. Энэ түймэр нь энэ сарын 22-ны өдөр манай хилээр давсан бөгөөд одоогоор 19500 га ой шатсан хэмээн тооцоолжээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын 63 албан хаагч, Үндэсний аюулгүй байдлын 41 албан хаагч, Батширээт сумын 77 иргэн, Биндэр сумын 20 иргэн ажиллаж байгаа аж.
Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Чингисбал” хэмээх газар хээрийн түймэр гарсан хэмээх дуудлага ирсэн байна. Энэхүү дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 052 дугаар ангийн 24 алба хаагч, хоёр автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 30 алба хаагч, таван автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын есөн албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 19 иргэн, хоёр автомашин, нийт 82 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна. Түймэр унтраах бүрэлдэхүүн урьд шөнө буюу 03.50 цагт түймрийн баруун, зүүн урд талын түймрийг унтраасан бөгөөд одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна