Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц шоронд хоригдоод даруй найман хоног өнгөрлөө. Нөхөр генералыг Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Харин түүнийг хорих тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 15 хоног хорих шийдвэр гаргасан юм. Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид найм дахь хоногтоо хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өдийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрбээр энэхүү хэрэг нь улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө хэмээн тайлбарласан байна.
Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Гэхдээ түүнээс асууж буй асуулт нь төрийн нууцад хамааралтай эсэхэд итгэхэд ихээхэн эргэлзээтэй.