Засгийн газрын хуралдаанаас Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барьж байгуулах шийдвэрийг гаргажээ. Бодвол одоогийн газрыг нь хувийн хэвшилд худалдах саналтай байгаа болов уу.
1924 онд Үндэсний музей нэртэйгээр анх байгуулагдаж одоогийн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай баригдсан байжээ. Гэвч музейн барилгад акт тавьж 2013 оноос олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоосон юм. Үүнээс хойш барилгыг буулгаж, шинээр орчин үеийн музейн барилга барих тухай ажил цааснаас цааш хэтэрсэнгүй.
Тэгвэл саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх музейн барилгатай өөрийн биеэр танилцаж, эх орныхоо нэн чухал бүтээн байгуулалт хэмээн үзэж Их тэнгэрийн аманд зай талбай, агаар орчин, жишиг бүтээн байгуулалт бүхий цогцолбор хэлбэрээр шинээр барьж байгуулах тухай мэдэгдсэн юм. Сайхан мэдэгдэл ч яах вэ. Хамгийн гол нь ажил хэрэг болох нь л чухал юм. Хүүхэд залууст мэдлэг, мэдээлэл өгөх олон үзмэрүүд байгалийн түүхийн музейд байдаг бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хэрхэн хадгалагдаж, хамгаалагдаж байсан бэ гэдэг нь анхаарлыг маш ихээр татаж байна. Зарим үзмэрийг орлуулж, эх хувийг нь хил давуулсан гэх мэдээлэл ч цацагдаж эхлээд байгаа. Үндсэндээ нэн ховор, үнэт үзмэрүүдийг хамгаалахын тулд яаралтай шинэ байр барьж оруулах нь чухал юм.
Засгийн газрын тэргүүн авто зогсоолтой, гэр бүлийн амралт чөлөөт цагт зориулсан үйлчилгээтэй цогцолбор баригдана гэж хэлсэн байна. Богд уул, Их тэнгэрийн аманд тийм цогцолбор барьж байгуулах зай талбай бий юу. Эсвэл бургас хядаж, уул нүхлэх үү?
Энэ талаар Ерөнхий сайд маань бодитой тооцоо судалгаа хийсэн гэж найдаж байна. Ер нь тэгээд баригдаж л байвал Их тэнгэрт байна уу, эмээгийн хашаанд байна уу хамаа алга даа.