\”Тусгаар тогтнол эв нэгдэл\” /ТТЭН/ эвслээс УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэв.
ТТЭНН-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга \”Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, үнэмлэхүй олон суудал авсан МАН-д баяр хүргэх нь зүйтэй. Гэхдээ амаргүй он жилүүд эхэлж байна. 2017 оноос Монгол Улс төсвийнхөө талыг өр зээлийн төлбөр, хүүнд төлж эхэлнэ. Үнэнийг хэлэхэд энэ ялалт МАН сайн байсанд бус өөр хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн.
Хамгийн том алдаа бол сонгуулийн систем байлаа. Жижиг мажоритар системийн үед сонгуулийн санал хамгийн ихээр гээгддэг. Намуудад өгсөн саналыг хувилж үзвэл гээгдсэн нь ил болно. Сонгогчдын саналын гуравны нэг нь гээгдсэн. Үүнээс гадна бусад нам эвслүүд нэгдмэл байж чадаагүй, цул хүчин МАН-ын эсрэг тархай бутархай байлаа. Өмнөх мажоритар сонгуулийн үр дүн ч ийм гарсан\” гэлээ.
Мөн \”ТТЭН эвсэл бол 26 жилийн дараа ард түмэнд өөр сонголт бий болгож гарч ирсэн. Бид маш амжилттай оролцсон. Манай эвслээс УИХ-д 44 суудалд, НИТХ-д 29 суудалд нэр дэвшсэн. УИХ дахь нэр дэвшигчдийн авсан санал улсын хэмжээнд 35600 болж нам, эвслүүдийн авсан тоогоор 4 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
ТТЭНН 1 жилийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлж, хоёр сарын өмнөөс шинэчлэгдэн эвсэл болж сонгуульд орсон. Хоёр сарын хугацаан дахь бидний үр дүн дөрөвт эрэмбэлэгдэж байгаад ТТЭН эвслийн өмнөөс ард түмэндээ баярлалаа гэж хэлэх ёстой. Ямар ч улс төрийн хүчин байгуулагдаад хоёр сарын хугацаанд ийм өндөр амжилт үзүүлж байгаагүй.
Тиймээс бид цаашдаа энэ амжилтаа бататгаж улам хичээж зүтгэн ажиллаж, улс төрийн тэргүүлэгч хүчин болохоор зүтгэнэ. Үүний төлөө зөв хүмүүстэй эвлэлдэн нэгдэж, нэгдмэл хүчтэй болно\” гэлээ.
Түүнчлэн тэрбээр МАН хэдийгээр олонх болж байгаа ч улсад нүүрэлсэн засаглалын хямралыг шийдэж чадахгүй учир Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэдгийг илэрхийлэв.
Үүнээс гадна \”\”Эрдэнэт\” үйлдвэрийн 49 хувийг Монголын тал авч байгаа нь үнэн хэрэгтээ цөөн хэдэн хүний халаасанд орж байгаа луйвар, дээрэм. ОХУ энэ асуудлыг төдийлөн сайшаагаагүй хариу өмнө нь ирж байсан. Энэ асуудлыг удахгүй дэлгэнэ.
Монголын төсвийн 3/1-ийг бүрдүүлж ирсэн, наад зах нь 40 жилийн нөөцтэй энэ үйлдвэрийг ямар ч эсэргүүцэлгүй хэдхэн хүний халаасанд хийж байгааг эсэргүүцнэ. Энэ асуудлыг УИХ нэн яаралтай авч хэлэлцэх шаардлагатай. МАН энэ асуудлыг цааш явуулахгүй, цаашлаад засаглалыг шинэчлэх асуудлыг хөндөж гаргавал бид дэмжинэ\” гэлээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: \”Монцамэ\” агентлаг