Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Катар улсад зохион байгуулагдах 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтынхоо бэлтгэлийг базаахаар Тайланд улсыг зорьжээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын урьдчилсан шатанд манай улс Брунейн шигшээ багтай тоглох оноолт таараад байгаа. Хоёр багийн эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо болох бол хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо тоглохоор товлогдсон байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол улсын баг 187 дугаарт жагсаж байгаа бол Бруней улс 194 дүгээрт эрэмбэлэгджээ.
Одоогоор Монгол улсын шигшээ баг дэлхийн аваргын эхний шатны шалгаруулалтыг давж үзээгүй байгаа бөгөөд энэ удаад өөрсдөөсөө чансаа доогуур багтай тоглож байгаа нь хоёрдугаар шатанд шалгарчих байх гэсэн итгэл төрүүлж байгаа юм.
Энэхүү тоглолтонд бэлтгэхээр Монгол улсын шигшээ баг Тайландад бэлтгэх хийхээр ийнхүү ниссэн бол өрсөлдөгч Брунейн баг БНХАУ-д бэлтгэлдээ гарчээ. Монгол улсын шигшээ баг зургадугаар сарын нэгэнд эх оронд ирж шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлах аж.
Тайландыг зорьсон хөлбөмбөгчид:
Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), А.Сайханчулуун (Улаанбаатар), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Б.Ууганбат (Дэрэн), Б.Даваажав (Эрчим), О.Мөнх-Оргил (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Билгүүн (Эрчим)
Хагас хамгаалагч: А.Тэмүүжин (Атлетик 220), Б.Батмөнх (Дэрэн), С.Ганхуяг (Хангарьд), А.Нармандах (Улаанбаатар Сити), Ц.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар), Ж.Сүндорж (Улаанбаатар), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Г.Ганбаяр (Пушкаш академи), Х.Цэнд-Аюуш (Дэрэн)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар)