Ижил хүйстэнтэйгээ хууль ёсоор гэр бүл болохыг зөвшөөрсөн Азийн анхны орон Тайвань болж магадгүй нь. Энэ жилийн сүүлчээр тус улсын парламент энэ тухай хуулийг хэлэлцэн батлах магадлалтай байгаа аж. Тайваний ижил хүйстнүүд ч хууль ёсоор гэрлэх эрхтэй болох өдөр айсуй гэдэгт итгэлтэй байна.
Тайваньд ЛГБТ хүмүүсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх суурь нөхцөлүүд үндсэндээ бүрдчихээд байгаа юм. Тухайлбал, ижил хүйсний хосууд дотно харилцаанд орохыг хууль бус хэмээн үздэггүй бөгөөд ажлын байр, сургуулийн орчинд хүнийг бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглож, хүйсээ солихыг зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн ижил хүйстнүүдийн Ази дахь хамгийн том бахархлын цуглаан Тайваньд болдог.
Энэхүү хөрс суурин дээр либерал үзэлтэй Ерөнхийлөгчтэй болсон нь хууль батлагдах магадлалыг улам нэмэгдүүлж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард ажилдаа орсон шинэ Ерөнхийлөгч Цай Ингвен \”Хайрын өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэрээр хүн бүр өөрийн хүссэнээр гэрлэлтээ батлуулах эрхтэй гэж үздэгийн хувьд энэ хуулийг батлуулахын талд зогсч байгаа юм.