УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзориг байнгын хорооны тогтоолын төсөлд “нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын 220 мянган айл өрхийн нүхэн жорлонг жилд нэг удаа төрөөс ариутгах, нийслэл дундуур урсаж байгаа голуудыг цэвэрлэж ариутгах, нөхөн сэргээх” санал гаргасныг дэмжжээ.
Байнгын хороогоор “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг хэлэлцэж, гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат “чулууны ширхэглэлийн стандартыг MNC 67 13, 2018 гэж нэмж оруулах” зэрэг саналуудыг тусгах шаардлагатай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн “төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив.
Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хорооны тогтоолын төсөлд нэмж тусган, баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн байна.
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг тогтоолын төсөлд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан талаар танилцуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт уулын дайрганаас хайрга гарган авах боломжийг судлан шийдвэрлэх, нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг тусгасан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.