Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндсэсний их баяр наадам эхлэхэд зургаан хоног үлдлээ. Наадмын нээлт хаалтыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулж, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа.
Энэ удаагийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа ямар байх талаар найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ \”Ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнэтэй, сургамжтай. Монголчууд усаа нүдний цөцгий мэт хайрладаг байсан. Гол мөрөнд үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж асгаж цутгаж биш нандигнаж хэрэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Ер нь усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна” хэмээв.
Түүхийн дөрвөн цаг үе гэдэг нь Хүннүгийн үе, Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа ажээ. Мөн МУГЖ \”Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин нар наадмыг нээж дуулах юм байна. Түүнчлэн наадамд 500 цэргийн парад жагсаж, төрийн их найрал хөгжим эгшиглэх нь ээ.
Наадмын бэлтгэл, сургуулилт нийт 1500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байна.