Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан “Буянт-Ухаа-2” хороолол болон Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт баригдаж буй орон сууцын талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.
Х.Баделхан сайд “Буянт-Ухаа 2 хороололын 972 айл, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт баригдаж буй 570 айлын орон сууц ашиглалтад оруулах болж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдгээр байруудыг түрээслэх шийдвэрийг гаргалаа. Орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр тухайн орон нутгийн захиргаанд шилжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийднэ гэсэн үг. Түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гарсан.
Энэ барилга ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. ТОСК өмнөх Засгийн үед өрөнд ороод энэ барилгыг барих боломжгүй учраас дутуу барилгыг Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банк дутуу эх үүсвэрийг гаргаад 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.
Дээр баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно” гэв.
Энэхүү мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа
-Эдгээр барилгуудыг улсын комисс хүлээж авсан уу?
-Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга нь ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 75 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. Нэг метр кв-ыг нь 1 сая 460 мянган төгрөгөөр худалдаална.
-Түрээсний үнэ ямар байх вэ?
-Баригдсан барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.