Анх Ууганбаяр гэх хүн өөрийн цахим хуудсаар дамжуулан KFC-д хүүтэйгээ хоол идсэний улмаас хордлого авч, эмнэлэгт хэвтсэн талаар олон нийтэд хүргэж олны анхаарлыг татсан билээ. Түүний энэхүү мэдээллийг үндэслэн С1 телевизийн сэтгүүлч эх сурвалжуудаас мэдээлэл авч нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн аж.
Тэдний энэхүү үйлдлийг КFC сүлжээ хоолны газар бусдыг гүтгэж, нэр төрд халдсан хэмээн үзэж өргөдөл гаргажээ. Энэхүү өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагч Зөрчлийн хуулийн 6.21-д зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж иргэн Ууганбаярыг 2 сая төгрөг, С1 телевизийг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна.
Харин тэд цагдаагийн байцаагчийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд мөн өргөдлөө өгчээ. Тэдний өргөдлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар авч хэлэлцэн иргэн Ууганбаяр болон С1 телевиз нь КFC сүлжээ хоолны газрыг гүтгээгүй гэх шийдвэрийг гаргалаа.
Үүнтэй холбогдуулан зөрчлийн хуулиар оноосон торгуулийг хүчингүйд тооцож, KFC сүлжээ хоолны газрыг эзэмшигч “Таван богд фүүдс” компаний нэр төрд халдсан гэх өргөдлийг хүчингүйд тооцжээ.