Монгол хэлний “ОРЧЛОН” гэдэг үгийг бүтцээр задалбал, эргэх хөрвөх гэсэн утгатай “ОРЧИ-” гэдэг үйл үгэнд байнга тогтмолын утгатай “-ЛАНГ” дагавар залгаад, “байнга орчиж эргэдэг” гэсэн утгатай “ОРЧИ-ЛАНГ” гэдэг үг үүснэ.
Учир нь “жаргал” гэвэл, нэгэн цаг үеийн, нэгэн мөчлөгийн жаргалыг “Жарга-ланг” гэвэл байнга үргэлжлэх жаргалтайг заана. “Баяр” гэвэл нэгэн удаагийн ч юмуу, түр зуурын баярыг, “Баясга-ланг” гэвэл өнөд үргэлжийн баярыг хэлнэ. Гэтэл “ОРЧЛОН- ОРЧИ-ЛАНГ” хэмээх энэ үг манай дэлхийгээс эхлээд бүх одон эрхэсийн нэгэн хуулийг төдийгүй, хүний амьдралын эргэж хөрвөх жамыг хүртэл зааж байна. Гэхдээ дэлхий тэнхлэгээ эргэдэг болохыг Галилей-Коперникоос өмнө монгол хүн нээчихсэн гэж хэлэх гээгүй байна шүү, бүү сандар!
Юу ч гэсэн жамыг нь төсөөлж байжээ гэх гээд байна. Ардын гүн ухааны дуунд маань хүртэл “Сав их орчлон сааталгүй эргэнэ” гэж дуулдагийг яахав. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр уул нь бид аливаа эрдмийг нэг монгол үгнээс хүртэл ухааран олж сурч болохоор байна. Дээр нь нэмж хэлэхэд, монголчуудын дүрсийн бэлгэдлийн охь нь “Онгин тамга” буюу “Наран тамга” хэмээх дугуй дүрс байдаг нь энэ жамаа тэмдэглэсэн байх магадлалтай, суудаг сууц монгол гэрээ ч энэ жамыг дуурайлгасан байх магадлалтай.
Доктор С.Дулам