\”Урт нэртэй хууль”-ийн хүрээнд уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан олон үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хүнд нөхцөлд улам дарамт үүсгэхийн зэрэгцээ гаднын хөрөнгө оруулагчид ч нүүр буруулахад хүргэсэн билээ. Үндэсний олон аж ахуйн нэгжүүд үүдээ барьж улмаар ажилгүйдлын тоо ч нэмэгдсэн юм. Харин өнгөрөгч сард Засгийн газрын 289 тоот болон 320 тоот тогтоол гарснаар зарим компаниуд үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн нь нүдээ олсон зүйл гэлтэй. Ямартай ч манай үндэсний томоохон компаниудын нэг \”Монгол газар” нь Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт, нөхөн сэргээх ажлаа эхлүүлээд байгаа мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Учир нь уул уурхай дагасан амьдралд өөрчлөлт орж, нутгийн иргэдийн амьжиргаанд ч томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа тухай тэдний ярианаас сонслоо. Тиймээс бид \”мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тус газарт очиж өөрсдийн нүдээр үзэж иргэдийн санал бодлыг ч сонссон юм.
Тус сумын Орхон багийн нутаг Харгуйтын амнаас Нарийний ам хүртэл 86 га талбайд нөхөн сэргээлт хийж эхлээд буйтай танилцсан. Мөн үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж хөрс хуулалт, олборлолт хийж байгаа учраас тус сумын 400 шахам иргэд ажлын байраар хангагдсан байна. Нөгөө талаар нутгийн малчид сүү цагаан идээ, махаа эдгээр компаниудад нийлүүлж байгаа нь малчдын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулсан гээд эдийн засгийн таагүй нөхцөлд гэгээлэг мэдээлэл биднийг угтсан. Манай улсын хувьд нөхөн сэргээлтийг яг ном дүрмийн дагуу гүйцэтгэж, үр өгөөжөө өгсөн нь тун ховор гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл \”Монгол газар” компанийн нөхөн сэргээсэн талбайгаас нутгийн малчид хадлан тэжээлээ бэлдэж байгаагаас харвал энэ газарт хийгдсэн нөхөн сэргээлт ямар болсныг тэгтлээ нуршихын хэрэггүй биз ээ. Ерөөсөө олборлолт явуулсан газрыг эргээд унаган төрхөд нь оруулна гэдэг маш их цаг хугацаа хөдөлмөр шаардсан зүйл гэдгийг энэ үеэр \”Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан ярьж байлаа.
\”Монгол газар” компанийн уурхайн дарга М.Цагаан
\”Монгол газар” компани Орхон багийн нутагт Харгуйтын ам гэдэг газар 2002 оноос олборлолт хийж 2003 онд дуусан тухайн үедээ нөхөн сэргээлт хийсэн юм. Алтны үлдэцтэй байсан нь гар аргаар аль олборлогчид зөвшөөрөлгүй орсон нь тухайн үедээ бөөн шуугиан дэгдээж, тус компанийн нэр хүндэд ч сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд очиж байсан юм. Гэсэн ч алтны үлдцээ бүрэн дуусгах үүднээс бичил уурхай ашиглаж, дараа нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж байжээ. Ингээд тухайн үедээ 200 орчим га газарт нөхөн сэргээлт хийж, голын гольдирлыг сэргээж, арав гаруй нуур үүссэн байсныг даржээ.
Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал зүйл бол тарьж байгаа ургамал. Хаа хамаагүй гадаад орноос, эсвэл огт өөр нутгаас үр авч ирж тарих нь төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэдгийг олон удаагийн үр өгөөжгүй болсон нөхөн сэргээлтээс харж болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс 60 км–ээс дотогш нутагтаа дассан ургамал тарьсан нь ийнхүү маш үр өгөөжтэй зүйл болжээ.