Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд өнөөдөр /2019.7.05/ гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал ноён Шин Дог Юн нар оролцож, гарын үсэг зурсан юм.
Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэх ба Үндэсний төв архивийн баримтат өвийг найдвартай урт хугацаанд хадгалах, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд архивын баримтыг хадгалах, сэлбэн засах, сэргээх, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын баримтыг микрофильмд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах зэрэг ажлуудыг хийнэ.