Би бас нэг удаа оршуулгын газарт очиж ажилласан юм. Ямар ажилд явж байгаагаа бид нар мэддэггүй. Солонгос хүн гаднаас орж ирэхэд, ажил олгогч нэр дуудаад л тэр хүнээ дагаж очтолоо юу хийхээ мэдэхгүй тохиолдол их…
Тухайн үедээ ажилд гарч л байвал боллоо гэж бодож явдаг юм. Хэд хэдэн уулын энгэрээр холбогдсон, Солонгос улсын Каталоги шашинтны оршуулгын газар байлаа.
Би яагаад Каталоги шашинтны гэж мэдсэн бэ? гэхээр хэдэн сарын өмнө телевизороор Солонгос улсын Каталоги шашинтны Тэргүүн хамба нас барсан талаар мэдээлж байсан юм.
Тэр оршуулгын газрын конторын дэргэд, Тэргүүн хамбын зургийг тавиад, түүний хэлсэн \”Та бүхэн бие биеэ хайрлаж яваарай!” гэсэн үгийг томоор бичиж байрлуулсан байсан юм.
Мөн конторын хажуугийн уул руу өгссөн замын хажуугаар, чулуун дээр сийлсэн, 12 хүний хөрөгийг байрлуулсан байв.
Тэр бүхний хажууд Каталоги шашинтны Их сургуулийн оюутан, сүсэгтнүүд ирж, ном уншин мөргөцгөөж байлаа. Энэ уншлага нь надад дуулж байгаа юм шиг сонсогдож байсан.
Урд довцог дээр цовдлогдсон Эсүс, түүний хажууд хэд хэдэн хүний баримал байв.
Энэ өдөр 2009 оны 4 сарын 5-ны ханш нээх өдөр тохиож байсан юм. Каталоги шашинтнууд тэр хөшөөнүүдийнхээ өмнө тавцан засаад, хөгжим тоглоод, номоо уншицгааж байлаа.
Оршуулгын газрын голд уулын орой дээр гуалин модон дээр цовдлогдсон Эсүсийн том хөшөө байгуулсан нь холоос сайн харагдаж байлаа.
Тэр оршуулгын газарт том том жуулчны автобусаар, олон хүмүүс тасралтгүй ирээд, бүгд л тэр голд байгаа Эсүсийн хөшөө рүү явцгааж байсан.
Би ажлынхаа завсраар машинаа хүлээж байх хоорондоо тэр уулын орой дээр юу байгааг очиж үзэх, сонирхолдоо хөтлөгдөн, тийшээ очсон юм.
7-8 метрийн өндөртэй гуалин модон дээр 3-4 метр орчим урттай, цовлогдсон Эсүсийн хөшөө, түүний доор асартай, асрын нүүрэн талд, даавуун дээр нас барсан, Тэргүүн хамбын зураг, Баярлалаа! Та бүхэн бие биеэ хайрлаж яваарай! гэсэн үгийг бичсэн байсан.
Түүний дор хоёр бунхан байсны баруун гар талынханд нь хүмүүс очин мөргөцгөөгөөд байсан. Мөн өмнө нь тавьсан цэцэгнүүд шинэхэн байгааг бодоход, Тэргүүн хамбынх бололтой.
Түүнээс доош нилээд бунхан байсан. Миний бодлоор Каталоги шашинтны мяндаг, цолтнуудынх байх…
Тэр оршуулгын газарт буй бунхнуудыг дээр үед, 180 см урттай, 70 см өргөнтэй, 5-8 см зузаантай чулуугаар хашиж, бунхалсан байснаа одоо гантиган чулуугаар их сольж байгаа юм билээ.
Би тэр солих ажлыг хэд хоног хийсэн юм. Хөшөө голцуу бунхныхаа зүүн гар талд толгой дээр нь байрладаг юм. Зэрэгцээ хоёр бунхан байвал хөшөөг голд нь байрлуулдаг юм билээ.
Хөшөө нь 50 см урттай, 40 см өргөнтэй, 5 см зузаантай хар гантиган чулуу байсан. Одоо шинээр тавьж буй хөшөө нь 60 см урттай, 45 см өргөнтэй, дээгүүрээ 5 см, доогуураа 10 см зузаантай, налуу хэлбэртэй, хар гантиган чулуугаар хийсэн байна билээ.
Тэнд бэлчээрийн мал аж ахуй байхгүй тул хөшөөгөө чулуун суурин дээр сул байрлуулсан байдаг юм. Тэр нь дараа авч шинэчлэхэд зоиулагдсан юм билээ.
Каталоги шашинтны сүсэгтэн нарт Орос нэр хайрладаг бололтой… Хөшөөний нүүрэн дээр нэрийг нь Ханзаар, Орос нэрийг нь Солонгосоор галиглаж бичсэн байдаг.
Нэрний дор төрсөн, нас барсан он, сар, өдөр байдаг. Энэ нь манайхантай адил юм.
Хөшөөний ард талд үлдэгсэд нь нөхөр, эхнэр, хүү, охин, ах, дүү, ач, зээ, төрөл төрөгсөд нь бүгд нэрээ бичсэн байх юм билээ.
Энэ талаар би олон хүмүүсээс асууж, сурагласан боловч Солонгосчуудын уламжлал юм уу…Каталоги шашинтны ёс заншил юм уу…гэдгийг олж мэдэж чадаагүй.
Бид шинээр сольж буй бунхныг шороогоор дүүргэж, таримал зүлгээр хучиж, орчныг нь цэвэрлэж орхидог. Машин хүрэхгүй газар уулыг өгсөж, уруудаад л…шороогоо үүрч зөөдөг юм. Шороогоо үүрээд өгсөх их хэцүү…
Гэр бүлийн хоёрыг голцуу хамт оршуулсан байх юм билээ. Гэхдээ гэр бүлийн нэг нь нас барсан бол хөшөөн дээр хоёулангийнх нь нэр, төрсөн он, сар, өдөр, хэн нас барсных нь нас барсан он, сар, өдрийг сийлсэн байдаг юм билээ…
Хөшөө сул байдаг нь дараа нас барсан он, сар, өдрийг нөхөн сийлдэгтэй холбоотой бололтой! Таримал зүлэг нь 20*20 см-ийн хэмжээтэй, таван ширхэгээр боосон нь 550 воны үнэтэй.
Мөн 60 см урттай, 40 см өргөнтэй, таримал зүлэг нь нэг ширхэг нь 1.100 воны үнэтэй юм билээ.
Амьддаа өөрийнхөө бунхныг байгуулсан тохиолдолтой ч таарч явлаа. Би урд нь энэ талаар дуулж, сонсож яваагүй юм байна аа…
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат