БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орноос Монгол Үндэсний бөхийн холбоонд хаягласан нэгэн урилга явуулжээ. Энэхүү урилгад тус улс үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион багйуулагдаж буй наадамдаа манай бөхчүүдийг ирж барилдахыг урьж байгаагаа дурьдсан байна. Одоогоор зодоглох хүсэлтэй бөхчүүдийн хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд эцсийн шийд гараагүй байгаа аж.
ӨМӨЗО-оос Монгол Үндэсний Бөхийн холбоонд ирүүлсэн урилгыг хөрвүүлье.
“Монгол Улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа: Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд “Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам” эрхлэх болсон тул Монгол улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна.
Бөхийн тэргүүн шан 50000.00 юан. Найр эрхлэх талаас Монгол Улсын бөхчүүдийг Эрээний хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна.
Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)
Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар” хэмээжээ.