Өнөөдөр нийслэлийн газрын албанаас зохион байгуулахаар товлоод байсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг түр хугацаагаар хойшлууллаа.
Учир нь танхимын болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байсан уг дуудлага худалдаанд иргэн болон аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлт ирүүлээгүй аж. Цахим дуудлага худалдааг www.mle.mn цахим хуудсаар, харин танхимын дуудлага худалдаа нь Нийслэлийн төр, захиргааны “Хангарди” ордны хурлын зааланд нээлттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.
Энэ удаагийн дуудлага худалдаагаар Багахангай, Сонгинохайрхан болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай зургаан байршил бүхий газрыг худалдаалахаар төлөвлөөд байсан юм. Дуудлага худалдааг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.