Энэ жил хоёр бөхөөс л илрээд бусад нь зүгээр гарсан уу гэвэл эргэлзээтэй дээ. Шударгаар шинжилвэл нэлээн хэдэн бөхөөс илэрсэн байх ёстой, жил болгон ганц хоёр бөхөөр туг тахиад өнгөрдөг, наадмын өмнө хариуцсан эмчтэй нь тохирдог, наадмын түрүү үзүүр бөхчүүдийн допингийг шууд дардаг гэдэг яриа бөхийн хүрээнд яригдсаар хэдэн жил болсон. Учир мэдэх хүмүүс үндэсний бөхөд найраа допинг хавтгайрсан гэдгийг хэлсээр хичнээн ч жил болов доо. Наадмын бөхийн салбар хороо нь мэдээлэл хийхдээ бид нар допингийн шинжилгээ авахдаа камераар хянасан гэж хэллээ. Дэлхийн допингийн дүрмэнд камераар хянадаггүй, тэгж болдоггүй дүрэмтэй байдаг. Шинжилгээ авахдаа дүрмийн бусаар авчээ. Мөн илрээгүй гэх бөхчүүд рүү утасдаж хэлж болохгүй байлаа. Бас л хууль дүрмээ мэдэхгүйгээс болсон. Мөн санаатайгаар ингэсэн байх магадлал өндөр байна. Бөхчүүд нь соошилоор өөрсдийгөө зарлаж болохгүй байлаа. Зүй нь яадаг вэ гэхээр илрээгүй тамирчид руу хэлдэггүй яридаггүй юм, илэрсэн тамирчин руу хэлж, В саваа шинжлүүлэхүү гэдгийг нь асуугаад заасан хугацааны дагуу эцэслэн шийдэгдсэний дараа олон нийтэд мэдээлдэг жамтай.
Би өмнө нь ч хэлж байсан дэлхийн жишгээрээ тухайн төрлийн холбоо нь цол шагнал, шийтгэл дүрэм журмаа мэддэг юмаа гэж. Манайд болохоор наадмын комисс, бөхийн салбар хороо гээд холилдоод шат дамжлага гээд хугацаа их алдаад завхрал үүссэн. Бөх мэдэхгүй хүмүүстэй эдгээр газруудын хэрэг байхгүй. Монголын үндэсний бөхийн холбоо өөр дээрээ төвлөрүүлэх ёстой. Тэгэхийн тулд наадмын тухай хуулийн цоорхойнуудыг засаа гэж өчнөөн хэлэх юм. Хуулинд нь допингийн цоорхойтой заалтууд бий. Өмнө нь хэлж байсан юмаа дахиад хэлье. Хуучнаараа наадмын комисс нь эсвэл холбоо нь 7 сарын 12-нд цолоо олго. Олгохдоо түр үнэмлэх өгөөд, допингийн шинжилгээний хариу гарсны дараа цолыг баталгаажуулдаг болох. Шинжилгээний хариу маш хурдан ирэх боломжтой гэдгийг өмнө нь хэлсэн.
Допингийн тухайд хүндийг өргөлт, бодибилдинг, пауэрлифтинг гэсэн төрлүүдийн багш нэр зүүсэн бүлэг хүмүүс үндэсний бөхийн залуусын тархийг угааж допинг зардаг, хатгадаг, сүлжээ болсон амьдрах арга нь энэ гэдгийг бөхийн хүрээнийхэн ярьсаар ирсэн. Энэ улсуудыг илрүүлж шийтгэх ёстой. Хэцүү зүйл бишээ.
Бас 5 давсан бөхөөс допинг илэрвэл түүнд унасан улсын цолгүй бөх байвал цол өгдөг болчлоо. Энэ эвгүй шүү. Хуулиараа 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг учраас 5 давах хүсэлгүй найраагаар хэвтдэг бөхчүүд бий гэдэг. Тавын даваанд унасан улсын цолгүй бөхчүүдээс шинжилгээ авдаг болох уу. Эсвэл 3,4 давсан бөхчүүдээс нийтээр нь шинжилгээ авдаг болох уу. Зардалын асуудлыг яаж шийдэх вэ гэх мэт олон асуудлууд байна даа…
С.Шижирбат