Мөөгний аймаг нь 100 мянга гаруй зүйлийг өөртөө нэгтгэсэн бөгөөд байгальд гүйцэтгэх үүрэг, ашигтай ба ашиггүй олон чанараараа ялгаа бүхий “доод ургамал” гэж тооцож байсан үе өнгөрч мөөг нь амьд бие махбодийн бие даасан бүхэл бүтэн аймаг болсон болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснөөс хойш 30 орчим жил өнгөрчээ.
Мөөг нь ургах байдал, хэлбэр дүрс, өнгөрөө эрт үеэс эхлэн хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн бөгөөд олон улс орны үлгэр домогт амьд амьтан мэтээр, зарим улс үндэстний шашны зан үйлд хэрэглэж ирсэн баримтууд археологийн судалгаанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%) , тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг.
Мөөгийг сүрьеэ болон халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Тухайлбал, цагаан мөөг нь дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, биеэс элдэв хорыг гадагшлуулдаг учир хатааж нөөцлөн хоолондоо байнга хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.