\”Компани дампуурах дэлхийн аль ч өнцөг булан бүрт байдаг
эдийн засгийн эрүүл үзэгдэл” гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр
\”жиргэж”. Компаниуд дампуурч болно. Гэхдээ \”Чингис” бондоос санхүүжсэн компаниуд
дампуурч яавч болохгүй гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэж л
баймаар. Өөрөөр хэлбэл бид 2017 оноос \”Чингис” бондын өрийг улс орноос төлж
эхэлнэ шүү дээ.
Сүүлийн хэдэн өдөр нийслэлчүүд \”эксклюзив”-ээр амсгаллаа.
Монгол хүний ур ухаан шингэсэн, Монгол бренд, чанартай, үнэ боломжийн гээд энэ
брендэд давуу тал олон бий. Гэвч \”эксклюзив” дампуурлаа зарлалаа. Зарлах
зарлахдаа үнэхээр сүр дуулиантай байв. Хэрвээ дампуурлаа сүр дуулиантай, олон
хүний анхаарлыг татаж зарлах хүсэлтэй байсан бол зорилго нь биеллээ гэж
дүгнэмээр.
Хэн ч бизнес хийж, ашиг олж болно. Гэхдээ хуулийн
хүрээнд. Мөн олсон ашгаасаа тодорхой хувийг нь улсад заавал ч үгүй тушаах
ёстой. Үүнийг татвар гэж нэрлэдэг. Харин \”эксклюзив”-ийн хувьд татварын асуудалтай.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар \”хуурамч падан” үйлдсэн. Тиймээс л татварын
байцаагч акт тавьсан. Энэ бол дарамт биш. Харин төрийн төмөр нүүр. Түүнээс \”Чингис”
бондоос санхүүжсэн учраас татвар төлөхгүй гэсэн хууль, зүйл, заалт байхгүй.
Бүгд л татвар төлөх ёстой. Төлөхгүй бол акт тавигдаж, дансыг нь хаадаг.
Харин дансаа хаалгасан компани дампуурлаа зарлаж, байгаа
бүх бараагаа иргэдэд \”үнэгүй тараах” тухай мэдээлэл цацснаар тун чиг \”эвгүй уур
амьсгал” үүсгэчихэв. Өөрөөр хэлбэл ядарч, зовсон ард түмнээр дайжигнасан явдал
болчихлоо.
Ард иргэдээр дайжигнах яахав. Харин дампуурлаа зарлаж
байгаа нэртэй \”Чингис” бондоос авсан 750 сая төгрөгийн зээлээсээ мултрана гэж
бодоогүй байлгүй дээ. Энд л \”Чингис бонд”-оос санхүүжсэн бол дампуурах ёсгүй
тухай яригдах гэж байна. Энэ бол эрүүл үзэгдэл биш. Хэрвээ бондоос санхүүжсэн
гэх компаниуд дампуураад байвал хэн өрийг нь төлөх вэ. Гэхдээ дампууруулахгүй
гээд хууль зөрчихийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Ер нь бондоос санхүүжсэн
компаниуд одоо юу хийж байна вэ. Эсвэл мөн л дампуурах тухай бодоод, хууль
зөрчиж яваа юм биш биз.
Амар