Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар \” Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан \”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр хэлэлцүүлж байна гэсэн юм.
\”Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн иргэд тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж, сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган \”Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй \”Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид \”Аз жаргалтай хот” байгуулах эхний алхамаа хийлээ” гэв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон \”Богд хан төмөр зам” барих ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны \”Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм. Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.