Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 0336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч “А” өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан хэрэг гарсан билээ. Тус байлдагч нь Эрдэнэт хотоос цэрэгт татагдан тус ангид хуваарилагдсан бөгөөд нас барахдаа биендээ их хэмжээний шарх, сорвитой байсан нь тогтоогдсон аж.
Байлдагч гэнэт нас барсан нь гадны нөлөөтэй хэмээн үзэж түүний гэр бүлээс харьяа шүүхэд өргөдлөө өгч нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоохыг хүссэн юм. Тус өргөдлийн дагуу шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр товлогдсон хэдий ч холбогдогч нарын хүсэлтээр өнөөдрийг хүртэл хугацаагаар хойшлоод байсан юм. Тэгвэл өнөөдөр хуралдсан шүүх хурал дахин хойшилж, ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хуралдахаар товлогджээ. Учир нь тус хэрэгт холбогдон шалгагдаж буй гурван хүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна. Шүүх энэхүү хүсэлтийг нь хүлээн авч ийнхүү хуралдааныг хойшлуулжээ.