УИХ-ын С.Чинзориг, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын арван гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, санал авахаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд хүргүүлжээ.
Уг хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагын талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг \”Манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 орчим хувийг эзэлж байгаа юм. ҮСХ болон НДЕГ-ын мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг бөгөөд энэ байдал цаашид үргэлжилбэл тэдний нийгмийн баталгаа алдагдах сөрөг үр дагавартай учраас энэ хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага байсан хэмээсэн. Тэрбээр мөн Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсэхийн хамт шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гадна үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтойг ч онцолсон.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль зэрэг хуулиудад бүрэн нийцэж байгаа юм.