Монгол улсын зам тээврийн салбартай холбоотой хэрэг илэрч, зарим нь шүүхэд дуудагдаад байсан бол өчигдөр мөн нэг хүнийг баривчилсан байна.
Авлигатай тэмцэх газраас есдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг түр саатуулж, урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилж ийнхүү түр саатуулаад байгаа аж. Гэхдээ энэ талаар одоогоор тодорхой мэдээллийг холбогдох байгууллагаас өгөөгүй байна.
Үүнээс гадна өчигдөр АТГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр энэ сарын 9-ний үдэш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон болохоо мэдэгдсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж цагдан хориод байгаа аж.
Харин Авто тээврийн Үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайханыг “Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг хятад компаниудад дамлан зарж, хээл хахууль авч байна” гэх гомдол мэдээллийг монголын тээврийн компаниудын зүгээс АТГ-т баримтын хамт хүргүүлсэнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Өргөдлийн дагуу АТГ-аас түүнийг мөрдөн шалгах явцадаа албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авилга авсан болзошгүй болохыг тогтоож хэргийг прокурорт шилжүүлжээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж үзэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнийг Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох явцдаа хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзжээ. Тус үйлдлүүд нь хавтаст хэрэг дэх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт холбогдсон гадны иргэдийн гүйлгээ, банкны хуулга гэх мэт баримтуудаар нотлогдож байгаа тул түүний хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна.