1.Хэрэв чи намайг гэрийн, улсын ажилд хэт дарагдаад хөөрхөнөө мартаж эхлэвэл чи намайг толиныг өмнө чирч авчираад хувцасыг минь тайлуул.
Өөрийг минь өөрт минь яг харуулаарай.
Үсийг минь сэгсийсэнг үзүүлээрэй.
Өөр хүүхнүүд рүү явна шүү гэж айлгаарай.
Уруулаа будахаа мартаж л эхлэх юм бол чи энэ үгийг санаад
Уруулын будгаар маань нүүрийг минь тэр чигт нь будаарай!
2.Хэрэв би чамайг байшингаа, эхнэрээ хүүхдүүдээ бүгдийг ар нуруундаа үүрээд зүтгэн алхаж байхад, айлгүйтэхээр гэгэлзэж, ийм тийш сэрвэлзэж, эсгэрэн зогсох эр лүү гараа даллавал гарыг минь хуга цохиод насаар минь намайг тэжээнэ гэж хэлээрэй.
Хөл нь хөнгөрөөд хүний юм болгон сайхан харагдаад ирвэл хүч хөдөлмөрийг чинь хүндэлж суртал минь хөл хорионд оруулаарай! (Харанхуй өрөөг үүнд зориулж болно.)
3.Хэрэв би чамайг ажил хөөцөлдөх нэрээр архи ханхлуулж ирээд анд нөхдөө хий магтаад, ан гөрөө хөөгөөд, худлаа баахан мөнгө авчирч шидээд, хүүхний үнэр тээгээд, хуурмаг инээгээд эхлэх л юм бол зэрэгцсэн энэ хоёр чемоданы чинийхэд чиний хувцасыг, өөрийнхөд өөрийнхөө хувцасыг чихээд авчирсан мөнгийг чинь хүүхдүүдээ яг тэнцүү хуваагаад аав ээж хоёрт чинь аваачиж өгнө. (Үүний сануулга болгож хуучирсан ч гэсэн энэ хоёр чемоданыг хэзээ ч хог дээр хаяхгүй.)
4.Хэрэв чиний, миний алба тушаал ахиад, амжилтын оргилд дээр ирээд амьдрал маань хэт гялалзаад, алт мөнгөөр дүүрээд ирвэл алдрын хинээ тусахаас өмнө үүнийг зогсоохоор бүх хөрөнгөө буяны байгуулагад бүгдийг өгөх гэрээг гэрлэлтийн батлахны ард яг одоо бичлээ. Тэгээд чи ойн манаач болно. Ойн модноос хөрөөдөж оромж босгоод олноос зугтаж хоёул хөгширнө.
5.Хэрэв чи бидний хөвгүүд хайр даахгүй болж л эхлэх юм бол хэдэн жил хамаагүй хилийн цэрэгт улираан, эх орноо хамгаалах гэдгийг төр сургана. Эх орноо хамгаалж сурвал ээжийгээ эхнэрээ хайрлах их хэцүү биш. (Хайрын дүрмэнд үүнийг эцгийн зүгээс тогтоов.) Охид яахав эрхлэж сурах ёстой. Эрхлүүлж чадах эр хүнийг олж өгөх нь чиний үүрэг. (Ээжийн үүрэгт үүнийг бичив.) Эрхлүүлэж би сургана. (Давхар бичив.)
6.Үндсэн энэ дүрмийг өөрчлөхгүй. Үндсэн хууль шиг чанга бат. Жижиг заалтуудыг жич зохионо.
7. Хайрын энэ дүрэмд хөндлөнгийн хэн нэгэн орохыг хатуу хориглоно.
b.batregzedmaa (REGZED) АСОАДАРЭ дэлхийн шүлгүүд