Ази тивийн 16 хүртэлх насныхны АШТ-ний урьдчилсан шатны тэмцээн БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ 9-р сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд болж байна.
Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд” баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.
Манай өсвөрийн шигшээ баг 9 дүгээр сарын 14-ний өдөр Макаогийн багтай тоглож 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн юм. Харин есдүгээр сарын 16-ны өдөр Австралийн хүчтэй багтай тоглож 2:1-ийн харьцаагаар, 9 дүгээр сарын 18-ны өдөр талбайн эзэн Вьетнамын багт 7:0-ийн харьцаатай хожигдол хүлээв. Одоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн Тиморын багтай тоглоно.
Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.