ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дипломат төлөөлөгчидтэй хийх анхны уулзалтаа стратегийн түнш орон болох БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтэй хийж, хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын Хятад Улстай явуулж буй хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд П.Сэргэлэн хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байнга анхааран, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хорио цээрийн нөхцөл, протоколуудыг хэлэлцэн тохиролцоход идэвхи гарган ажилладаг Элчин сайдад талархаад цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мөн энэ оны 5 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын ээлжит Ерөнхий чуулганаар манай улс шүлхий өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө батлуулсан тухай дурьдаад Монгол Улсын төвийн бүсийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгон зарлах, төвийн бүсийн мал нядалгааны болон мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийх асуудлыг урагшлуулах тал дээр дэмжлэг хүслээ.
Түүнчлэн ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцөлийг таатай болгох, хилийн Баянхошуу, Сүмбэр, Хавирга, Эрээнцав, Бичигт зэрэг боомтуудыг ажиллах хугацаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ачаа тээвэрлэлтийн төрөл, тоог хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг дурдан, анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
ХХААХҮЯ