Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа бахдам сайхан барилдсаар олимпын наадмын мөнгөн медаль хүртэж, төрийнхөө далбааг Риогийн тэнгэрт мандуулав. Тэрбээр дэлхийн таван медальтан Португалын Телма Монтейрог ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд олимп, дэлхийн аварга \”Чоно\” хочит Японы Каори Мацүмотог 22 секундэд л цэвэр ялсан. Харамсалтай нь аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Рафаэла Сильватай учраа таарч хариу мэхэнд орж, вазари алдсанаар ялагдсан юм.
Гэхдээ энэ вазари үнэн шудрага мэх байсангүй. Сильва манай хүний мэхэнд тэсч үлдэхийн тулд тохой хөшиж, \”хонгодох\” шахуу мэхээр ялалт байгуулах замаа зассан. Жүдогийн дүрмэнд монголчуудын уршгаар хөлөнд шууд гар хүрэхийг хориглосон заалт бий. Тэр ч бүү хэл хөлд хүрвэл өчиггүй хасагдах заалттай. Тиймээс Сильвад шууд ялагдал өгч, манай тамирчин түрүүлэх нөхцөл үүссэн ч харамсалтай нь эзэн орны жүдочийг шүүгч нар харж үзлээ.
Энэ үйлдэл нь үнэн шударга гэдгээрээ гайхагддаг Олон улсын жүдо бөхийн холбооны шүүлтэд бас асуудал бий гэдгийг илт харуулсан зүйл боллоо. Д.Сумъяа алтын дайтай мөнгөн медаль хүртэж, эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан гавьяатай. Тэр Монголын жүдогийн түүхэнд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч, бас олимп, дэлхийгээс медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болсон юм.