Зуны олимпийн XXXI наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамичин Д.Сумъяагийн багш Х.Эрдэнэт-Одтой чатаар холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Шавь тань мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Янзтай сайхан барилдаан боллоо.
-Та түүнийг медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байв уу?
-Итгэж байсан. Ер нь би шавьдаа байнга итгэдэг. Тэр миний итгэлийг цөөхөн алдсан.
-Гэхдээ мөнгөн медаль хүртэнэ гэж бодоогүй биз дээ?
-Мэдээж алтан медаль авна гэж бодож байсан.
-Аваргын төлөөх барилдаанд хүч үзсэн эзэн орны тамирчин Рафаэла СилваД.Сумъяаг тахимдахдаа тохойгоо оруулсан байсан. Энэ хориотой биз дээ?
-Тохойгоо хамт оруулж хийсэн мэх хориотой байдаг. Тэр барилдаанд Рафаэла Силва яалт ч үгүй тохойгоо оруулсан байсан л даа.
-Тэгэхээр ОУОХ-нд гомдол гаргаж, түүнийг торгуулах, хасах шийдвэр гаргуулж болоогүй юм уу?
-(Тэр ямар ч хариулт өгсөнгүй).
-Д.Сумъяаг мөнгөн медалийн болзол хангахад та залбирч байх шиг харагдсан. Монгол Улс олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд эмэгтэй тамирчнаараа анх удаа энэхүү нэр хүндтэй медалийг хүртсэн болохоор арга ч үгүй юм даа (Зургийг нь илгээхэд)?
-Энэ зургийг би одоо л харж байна. Өөрийн эрхгүй ингэжээ. Дурсгалтай агшин болж.
-Д.Сумъяагийн сэтгэлзүй ямар байсан бэ?
-Сайхан тайван байсан. Тэр төрөлхийн ийм зантай. За одоо би амарлаа. Маргааш Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа барилдана. Тэгэхээрээ дахин медаль хүртэж, баяртайгаар эргээд харилцъя.
-За тэгье. Та бүхэнд улам их амжилт хүсье. Та нараар монголчууд бид бахархаж байна шүү.
Монголын Үндэсний олон нийтийн телевиз \”Рио-2016\” олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна