Риогийн олимпийн наадам дээр ээлжит дуулиант хэрэг манджээ. Энэ удаа уг хэрэгт Голландын гимнастикч 33 настай Юри ван Гелдер холбогдсон байна. Өмнө нь мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт орооцолдож байсан тэр энэ удаа архидан согтуурчээ.
Юри ван Гелдер урьдчилсан тэмцээнд амжилттай оролцож, үүнийгээ тэмдэглэхээр шийдсэн байна. Тэрээр олимпийн тосгоноос гарч яваад, дараа өдрийн үүрээр эргэж иржээ. Ингэхдээ согтуу байсан гэнэ.
Спортын дүрэм журам зөрчсөн түүнийг дасгалжуулагч нар нь буцаахаар шийдвэрлэсэн байна. \”Ван Гелдерийг цаашид тэмцээнд оролцуулахыг хүсч байсан. Тиймээс ийм шийдвэр гаргахад хэцүү байсан.” гэдгээ Голландын олимпийн хорооны тэргүүн Мауритс Хендрикс хэлжээ.
\”Гэвч дүрэм журам зөрчсөн нь бидэнд өөр сонголт үлдээгээгүй. Голландын тамирчид дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Түүний гаргасан зан төрх байж болошгүй юм.” гэж Хендрикс мэдэгдсэн байна.
2009 онд энэ гимнастикч кокаин хэрэглээд баригдсаныг Ройтерс агентлаг дурджээ. Тэгэхэд Юри ван Гелдер тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулж, дараа нь ээлжит эмчилгээ хийлгэн, Голландын олимпийн шигшээ багт орж чадсан байна.
Гэвч одоо архидан согтуурсны улмаас гимнастикч нутаг буцах боллоо.