Байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг аюул гэдэг. Өнгөрсөн долдугаар сараас хойш орон нутагт хүчтэй аадар бороо орсоны улмаас хэд хэдэн аймагт үер бууж аюул дагуулсан. Тухайлбал, наадмын өмнөхөн өдөр нь Баян-Өлгий аймагт үер буусны улмаас 600 гаруй өрх орох оронгүй болсон. Түүний дараа Завхан аймагт үер бууж 10 гаруй айл усанд автсан бол өнгөрсөн долоо хоногт Увс аймагт хүчтэй аадар борооны улмаас үер буусан билээ.
Харин тэгвэл өчигдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хүчтэй усархаг аадар бороо орсон байна. Аадар борооны улмаас тус сумын зургадугаар багийн 13 айл усанд автаж, далан сэтэрч усны түвшин нэмэгдсэн гэнэ. Энэ тухай мэдээг Онцгой байдлын газарт өчигдөр өдөр 12.00 цагийн орчимд ирүүлжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, гурван автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, хоёр автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлажээ.