АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн амжилттай үргэлжилсээр байна. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд явагдаж жин тус бүрийн аваргууд тодорлоо. Манай улсаас энэ өдөр долоон бөх дэвжээнд гарсан боловч медальд хүрч чадалгүй тэмцээнээ өндөрлөсөн байна.
Медалийн төлөөх барилдаанд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон Г.Хэрлэн Кубын бөх Поланко Орландотай хүрэл медалийн төлөө барилдсан хэдий ч торгуулиар цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Энэ удаагийн Абу Дабигийн Их дуулгад дэлхийн 95 улс орны 552 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар Итали улсын баг медалийн чанараар тэргүүлж байна.