НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.31/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Үүний дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт шүүх хуралдаан товлогдсон хэдий ч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нарын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Тэдний хувьд Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 08.30 цагт хийхээр товлосон юм.