Энэ сарын 29-30-нд шилжих шөнө Монгол Улсын Тагнуулын болон Цагдаагийн байгууллагын албан хаагчид хамтарсан тусгай ажиллагаа явуулж 800 гаруй хятад иргэнийг саатуулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
“2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол улсад цахим гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэгдсэн.
Одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. Хятад, Монгол хоёр тал хууль сахиулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны арга замууд нь нээлттэй байгаа ба талууд энэ хэрэг дээр нягт хамтран ажиллаж байна.
Уг хэрэг хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайдын яам уг хэрэгт цаашид анхаарал хандуулсаар байх бөгөөд Монголын талын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно” гэжээ.