УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын үеэр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан” хэмээн мэдэгдээд байсан билээ. Түүний энэхүү мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр /2019.11.01/ Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан сэтгүүлчдийг тагнаж, чагнасан ямар ч асуудал байхгүй. Энэ үйл ажиллагаа тийм амархан явагддаг зүйл биш. Прокурорын газраас зөвшөөрөл авах зэрэг шат дамжлагаар дамждаг.
Хоёр жилийн өмнө буюу ЦЕГ-ын нэр бүхий хоёр албан тушаалтныг ийм хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн прокурорын байгууллагаас шалгаж, улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгож байсан Хэрэв хэн нэгэн сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тагнаж, чагнасан тохиолдол байгаа бол ЦЕГ-т гомдол гаргах эрхтэй” гэлээ.