ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуульд Монгол Улсын биеийн тамир, спортын дээд боловсролын боловсон хүчнийг 1950-аад оны дунд үеэс бэлдэж эхэлсэн түүхтэй билээ.
Тус их сургуулийг манай улсын нэрт дасгалжуулагч, багш нар төгсөн гарсан юм. Заримыг нь товч дурдвал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзод, Б.Жигжидсүрэн, Б.Ганбат, Л.Ундралбат, гавьяат багш доктор профессор Г.Лхагвасүрэн, Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох зэрэг 150 гаруй мэргэжилтэн төгссөн байна.
Үүний зэрэгцээ тус их сургуульд манай улсаас 400 гаруй мэргэжилтэн, багш, дасгалжуулагч нар урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлжээ.
2019 оны 09 дүгээр сард тус их сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж доктор профессор Ч.Зоригтбаатарт Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү нэр хүндтэй эрдмийн цолыг гардуулах ёслол 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдав.
Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй тус их сургуулийн “Хүндэт доктор” цолыг хүртсэн гадаадын хоёр дахь хүн нь доктор Ч.Зоригтбаатар болж байна. Ингэснээр оюуны эрдмийн чиглэлээр Монгол хүн гадаадын их сургуулийн нэр нэр хүндтэй эрдмийн цолыг авсан анхны хүн нь Ч.Зоригтбаатар боллоо.
Тус цолыг анх гардан авсан хүн нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Доктор Томас Бах юм гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.