Эдийн засаг хүндэрч улс албан
хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй болтлоо \”хоосорчихлоо”. Шалтгаан нь өмнөх
Засгийн газрын үрэлгэн байдал, авсан зээл, цацсан хөрөнгөтэй холбоотой гэдгийг
МАН-ынхан тайлбарлаж байна. АН-ын Засгийн газрын буруугаас
болж Монгол улсын сан хөмрөг хоосорчихлоо гэж ойлгоод байгаа юм. Одоо
хоосорчихоод байгаа савыг дүүргэх ажлыг МАН гардан хийх ёстой л доо. Тийм ч эрх
мэдлийг ч иргэд сонгогчид хангалттай өгсөн. Гэтэл \”Мэргэжлийн” гэх Засгийн
газар байгуулагдснаас хойш ажил хийх бус харин хов жив хөөцөлдөөд вяна уу
гэлтэй мэдээллүүд хөвөрч байна.
Тэгвэл шинэ Засгийн газар өчигдөрхөн
нэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, Төрийн
өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувиар танахаар болоод буй.
Засгийн газраас гарсан уг шийдвэрийг дэмжих нь байхад, эсэргүүцэх нь ч бас
байна. Ер нь төрийн албан хаагчийн
цалинг бууруулснаар авлигад өртөх магадлал улам ихэсдэг гэсэн судалгаа бий.
Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвөө хэмнэхийн тулд төрийн тэр тусмаа
удирдах албан тушаалтай болгоны цалинг хасах арга хэмжээ авч эхэллээ. Ингэж татаж, гаргаж авсан
хөрөнгө эмнэлэг, сургууль барихад зарцуулагдах гээд байна уу гэсэн үгүй. Дарга
нарын цалинг хасч цуглуулсан хэдэн төгрөгөө дэд сайдууддаа цалин болгож өгөх нь
ойлгомжтой.
Ч.Сайханбилэг Засгийн газраа
байгуулаад төсвөө хэмнэх зорилгоор дэд сайд гэх албан тушаалыг татан буулгасан.
Гэтэл Ж.Эрдэнэбат дэд сайд гэх албан тушаалыг эргүүлэн гаргаж ирэх замаар төсөв
хэмнэх гэж оролдож байна. Дарга нарын цалингийн 30 хувийг
танаснаар хэчнээн төгрөгийг хэмнэх гээд байгаа нь тодорхой бус. Тэгсэн мөртлөө
дэд сайд гэх 13 хүнийг сул тэжээх гээд байдаг. Ийм таналт хэмнэлт болж чадах
болов уу, яадаг бол.
А.Аюуш