“Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, тээвэрлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мал эмнэлэгийн ерөнхий газар болон ЦЕГ хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өчигдөр байгуулсан байна.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд мал эмнэлэгийн гэрчилгээний системийг ашиглах эрх бүхий албан хаагч хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг сүлжээнд холбон алдагдсан малын цахим зураглалыг гарган, аймаг, сум, багийн малын эмч нарт сэрэмжлүүлэх, тэдэнтэй мэдээлэл солилцож, хяналтын цэгүүдээр дайран өнгөрөх үед мал эмнэлэгийн гэрчилгээ аваагүй мал, амьтныг шуурхай илрүүлэн, холбогдох мал эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллана.
Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар цагдаагийн дотоод сүлжээ болон гар утсаараа аппликейшинд нэвтэрч шаардлагатай мэдээ, мэдээллийг Мал эмнэлэгийн цахим системээс авах, мэдээлэл шуурхай солилцох, хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа нь малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.