Монгол, Швейцарын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 11-нд Берн хотноо зохион байгуулагдав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, швейцарын талыг Швейцарын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Рафаэль Нагели ахалж оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон хөгжлийн хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, түүний дотор Зүүн хойд Азийн асуудлаар хоёр орны санаачлан хэрэгжүүлж буй Улаанбаатарын яриа хэлэлцээ болон Церматын дугуй ширээний уулзалтын хүрээнд хамтран ажиллахын чухлыг талууд онцлов.
Зөвлөлдөх уулзалтын дараагаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Швейцарын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвилтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм.