Монголын энхийг сахиулагч дайчид ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа \”Шийдвэртэй дэмжлэг\” ажиллагаа болон Судан улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёр багийн алба хаагчид Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Энэ үеэр ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай дайчид ажиллагааны газар орныг зориход бэлэн болжээ. Үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар оронд нөхцөл байдал ямархуу байгаа вэ?
-Хоёр цэргийн баг ажиллагааны өмнөх бэлтгэлээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд базаалаа. Ажиллагааны өмнөх бэлтггэл сургалтыг үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай дадлага, чадварыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагааг хангах, тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулахаар 5 үе шаттай сургалтад хамрагдсан. Үүрэг гүйцэтгэхэд ур чадвар, дадлага туршлага хангалттай. Судан улсын хувьд цаг агаар нь халуун. Гэхдээ манай эмнэлэгийн багийнхан халуунд ажрахгүй үүргээ гүйцэтгэх чадвартай. Ер нь цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд манай дайчид дасан зохицох онцгой чадвартай гэдгийг онцлох ёстой.
-Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Монголын цэргийн багийн мотобуудлагын батальоны ээлж энэ сарын дундуур солилцох ёстой байсан. Нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн дайчид хэзээ ирэх вэ. Ар гэрийнхнээс нь энэ талын асуулт их тавьж байна?
-Мотобуудлагын батальон үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Төлөвлөгөө ёсоор хоёр батальон энэ сарын дундуур ээлж солилцох байсан ч НҮБ-ын нислэгийн хуваарьт тодорхой өөрчлөлт орсон учраас хойшлоод байна. Удахгүй нислэгийн хуваарь тодорхой болж, хурандаа Т.Баатар захирагчтай цэргийн багийнхан ирнэ.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам