Зуны олимпийн XXXI дүгээр наадмын хаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хаалтын ажиллагаанд олон сонирхолтой үзүүлбэрүүд гарч байгаагийн нэг нь 2020 онд олимпийн наадмыг зохион байгуулах Японы олимпийн талаарх танилцуулга байлаа.
Үзүүлбэрийн өмнө \”Баярлалаа” гэдэг үгийг японоор болон дэлхийн олон орны хэл дээр бичиж харуулсан нь Япончуудын хувьд гурван утгыг илэрхийлсэн аж. Тодруулбал,
- Японд болсон газар хөдлөлтөд дэлхий нийтээрээ тусласанд баярлалаа.
- Бидэнд 2020 оны олимпийг зохион байгуулах эрх олгосонд баярлалаа.
- Рио-Де-Жанейро хотод олимпийн 31 дүгээр наадмыг гайхалтай зохион байгуулсанд баярлалаа.
Токиогийн олимпийн танилцуулгад Японы хамгийн алдартай тамирчдаас гадна уламжлалт комик номын баатрууд, Марио, Хелло Китти зэрэг хүүхэлдэйн баатруудыг ашигласан байсан юм. Түүнчлэн танилцуулгын төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ супер Мариогийн малгай өмсөж Марио болон хоолойгоор дамжин Бразилд ирж байгаа мэтээр дүрсэлсэн нь үзэгчдэд хамгийн их таалагдсан хэсэг байлаа. Харин супер Мариогийн хоолой хаалтын ажиллагааны төв тавцан дээр гарч ирж Шинзо Абэ Мариогийн малгайг тайлан түүн дээр зогсож байсан нь үзэгчдийг бүр ч ихээр хөгжөөлөө.
Түүнчлэн Токио хотын захирагч 2020 онд зохион байгуулах зуны олимпийн наадмын тугийг энэ үеэр хүлээн авсан юм.
Өнгөрөгч 2013 онд Аргентиний Буэнос-Айрэс хотноо болсон ОУОХ-ны 125 дахь удаагийн чуулганаар 2020 оны олимпийн наадмыг Токио хотод зохион байгуулах эрхийг олгосон юм. Япон улс зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулахад 300 тэрбум ам.доллар төсөвлөж байгаа ажээ.
Монгол Үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна