\”Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүч үзсэн манай тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтай барилдаж, цаг дуусах мөчид торгуулийн 1 оноогоор харамсалтайгаар ялагдсан билээ. Үүний дараа АНУ, Япон болон бусад улс орнуудын хэвлэлээр манай тамирчин Г.Мандахнаранг ялсан, шүүлт булхайтай болсон, шүүгчид алдаа гаргасан талаар мэдээлсэн юм. Тэгвэл шүүгчид Узбекистаны бөхийн талд ажилласныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон илрүүлжээ. Тодруулбал, манай бөх Г.Мандахнаранг маргаантай шийдвэрээр ялж олимпийн хүрэл медаль хүртсэн Узбекистаны бөх Ихтиёр Наврузовын өмнөх барилдааныг шүүсэн гурван шүүгч буюу БНСУ-ын Тон Кун Чун, Гүржийн Темо Казарашвили, ОХУ-ын Сергей Новакоский нарыг хөөжээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооныхон Ихтиёр Наврузов болон Пуэрто-Рикогийн бөх Фрэнклин Гомез нарын барилдаанд илт нэг талыг дэмжсэн байсан, тэмцээний шүүлт булхайтай болсныг хүлээн зөвшөөрч ийнхүү дээрх гурван орны шүүгчийг хөөсөн байна. Өөрөөр хэлбэл, илт булхайтай шийдвэрээр Пуэрто-Рикогийн тамирчинг ялсан Узбекийг бөхийг анхнаас нь шүүгч нар дэмжиж ажиллаж байж. Эндээс магадгүй түүнийг ялуулахын тулд шүүгч нарт авлига өгсөн байж болзошгүй байна. Тиймээс л ялихгүй зүйлээр шалтаглан манай тамирчинг ялалтыг баяраа тэмдэглэж дуусаагүй байхад нь зугтсан хэмээн торгож, Узбекийн бөхийг ялуулсан бололтой. Харин манай тамирчин болон Узбек бөх хоёрын тэмцээнийг шүүсэн гурван шүүгчийг Дэлхийн бөхийн холбооноос хөөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Төгс
Эх сурвалж: Өглөө.мн