УИХ-ын намрын чуулган аравдугаар сард нээлтээ хийнэ. Түүнээс өмнө УИХ
ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэхээр болсон.
Тухайлбал, 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрийг батлах, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн
тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018,2019 оны төсвийн төсөөлөл,
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол
Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг
асуудлуудыг хэлэлцэхээр болсон байна.
Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн
барих юм байна. Эдгээр хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр
яригдаж байгаа юм.
Түүнээс гадна есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбал агсны 100 насны ой тохиож
байгаа. Тиймээс түүний алдар гавьяаг мөнхжүүлэх асуудлаар дээрх хугацаанаас
өмнө УИХ-аас шийдвэр гаргаж ажиллах ёстой болсон гээд нийтдээ 18 төрлийн
асуудлыг энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлахаар болсон байна.
А.Аюуш