АНУ-ын Нью-Йорк хотын захирагч асан, тэрбумтан Майкл Блүүмбэрг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа өнгөрөгч ням гаригт мэдэгдлээ.
Өдгөө 77 настай Майкл Блүүмбэрг 2018 онд Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд нөлөөгөө нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж 100 сая ам.доллар зарцуулж байсан бөгөөд намынхаа сунгаанд оролцохоор болсон байна. Тэрбээр хэрэв намаас нэр дэвшүүлбэл компанит ажлын санхүүжилтээ өөрөө хариуцахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгджээ.
М.Блүүмбэрг “Би Дональд Трампыг ялж, Америкийг сэргээн босгохоор нэрээ дэвшүүлж байна. Бид ерөнхийлөгч Трампын балмад, ёс зүйгүй үйлдлийг дахин дөрвөн жил харж суух ёсгүй” хэмээн мэдэгдэж өөрийгөө “зүгээр ярьдаг биш хийдэг, шийдэл гаргадаг хүн” хэмээн тодорхойлсон байна.
Түүний хувьд 2019 оны байдлаар $57 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн баячуудын жагсаалтын есдүгээрт бичигдэж байгаа юм.