Өнөөдөр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон иргэн М.Болортуяа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүх танхимд хэлэлцэнэ.
Тэдний хэргийг өнгөрсөн сарын 28-нд товлоод байсан хэдий ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзснаар шүүх хуралдааныг нэг сарын хугацаагаар хойшлуулсан юм. Гэхдээ шүүхээс З.Баянсэлэнгийг удаа дараа шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан, ямар үндэслэлээр өмгөөлөгчөөсөө татгалзаж байгаагаа тайлбарлаж чадаагүй гэх зэрэг үндэслэлээр шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүхээс түүний өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авсан хэдий ч таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар түр саатуулаад байгаа юм. Прокуророос түүнийг БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Иймээс түүнд нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, ял оноогоод байгаа билээ.