Тогтвортой хөгжлийн зорилт-2030 зорилтын хүрээнд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ хамтран ажиллаж байна.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа хүрээнд Дундговь аймагт ажиллах үедээ Манай улсын говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн билээ.
Энэхүү айлчлалын дараа 8 дугаар сард ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица тэргүүтэй ажлын алба Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, газар дээр нь очиж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, хүртээмжийн байдалтай танилцан, уулзалт ярилцлага хийж, хэрэгцээг нь үндэслэн нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг богино хугацаанд захиалан ханган нийлүүлж, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь сургах, сум, багийн эмчийг чадавхижуулах, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
Бүсийн захирал Такеши Касайгийн санаачилсан энэхүү ажил зөвхөн говийн бүсийн аймагт төдийгүй, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Булган, Сүхбаатар, Дорнод аймгуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээг сайдын тушаалаар аймгийн нэгдсэн, сумдад хуваарилан гардуулж байна.