Нийслэлийн Засаг дарга \”Цэцэрлэгийн бүртгэлийг ил тод, нээлттэй мэдээлэх тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгав.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.
Цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.