Засгийн газрын хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.
Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Балансаас харахад 2016-2017 оны гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр байна.
Ургац хураалтын ажилд 6 мянган тн шатахуун шаардагдах тооцоо байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна.